Интернет сүлжээнд бага насны болон өсвөр насны хүүхдэд хор хөнөөлтэй, зохисгүй контент агуулсан мэдээлэл, цахим хуудас, видео тоглоомууд ихээр байршиж байдаг. Эдгээр зохисгүй мэдээллүүд рүү бага насны хүүхдүүд цахим хуудсын хаяг алдаж бичих, хайлтын системийн нэмэлт илэрцээс сонгох, насанд хүрэгчдэд зориулсан зар сурталчилгааны баннер дээр дарах зэрэг олон төрлийн арга замаар нэвтрэн орсоор байна. Энэ нь бага насны хүүхдийг цахим хүчирхийлэлд өртөх, интернет сүлжээ ашиглагдан үйлдэгдэж буй гэмт хэргүүд /хүний наймаа, бэлгийн мөлжлөг/-ийн золиос болох, хүчирхийллийг ил тодоор харуулсан мэдээллээс болж сэтгэл зүйн өөрчлөлттэй болох, хүмүүжлийн доголдолтой болох зэрэг эрсдлийг дагуулдаг. Иймээс Кибер аюлгүй байдлын газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Цахим хуудасны хөтөч дээр шүүлтүүр хийх
Цахим хөтөч бүр хүүхдийг интернет орчноос хамгаалах тохиргоотой байдаг ч хөтөч нэг бүр дээр хийх шаардлага гардаг. “OpenDNS” програмыг ашиглан цахим хуудасны хандалтыг хязгаарлах боломжтой. Энэ програм хангамжийг гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглахад үнэ төлбөргүй бөгөөд таны роүтер болон компьютер дээр өөрийн тодорхойл таван төвшингөөр хандалтыг хязгаарлах чадалтай.
2. Windows үйлдлийн систем дээр хэрэглэгчийн төвшинг тодорхойлох
“Windows Vista”, “Windows 7” үйлдлийн системүүдийн тохиргоонд гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Parental Controls” /”Windows 8” хувилбар дээр “Family Safety”/ хэмээх хэсэг бий.
Ашиглах заавар: Start товчийг дараад Parental controls /Windows 8 дээр Family Safety/ бичин тохиргооны хэсэг рүү орж, шинэ хэрэглэгч үүсгэн, уг хэрэглэгчийг компьютер дээр хийх үйлдлүүдийг хязгаарлах, компьютер ашиглах хугацааг хязгаарлах, заагдсан хэрэглээний програм хангамжийг ашиглах эрхийг олгох боломжтой.