ЕАБХАБ-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БҮС НУТАГ ХООРОНДЫН ХУРАЛ

2025-05-30 11:03

Мэдээллийн аюулгүй байдлын газар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-тай хамтран Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны Бүсийн Чуулганы гишүүн орнуудын төлөөллөөс бүрдсэн бүс нутаг хоорондын хурлыг 2025 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү хурал нь кибер, мэдээлэл харилцаа холбооны технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ (Confidence Building Measure) болон кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй хэм хэмжээг хэрэгжүүлсэн сайн туршлагыг харилцан хуваалцах, бүс нутгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

ЕАБХАБ-аас кибер аюулгүй байдлын чиглэлийг тусгайлан авч үзэж Монгол Улсад анх удаа энэ төрлийн хурлыг зохион байгуулж байгаа төдийгүй АСЕАН-ын орнуудын төлөөллийг оролцуулсан нь онцлог болж байна. Хурлын үеэр зохиомол кибер халдлагын жишээн дээр тулгуурласан дасгал хийж, оролцогч улсын төлөөлөл онолын мэдлэгээ практикт сорих нөхцөл бүрдсэн юм.

ЕАБХАБ-аас кибер аюулгүй байдлын илтгэлцлийн бэхжүүлэх 16 арга хэмжээг 2013, 2016 онуудад үе шаттайгаар баталсан бөгөөд үүнд тус байгууллагын 57 гишүүн улс хоорондоо кибер аюул заналын талаар мэдээ, мэдээлэл солилцох (CBM1), Үндэсний холбоо барих цэг (CBM8), Хурцадмал байдлыг бууруулахад хамтран ажиллах (CBM12), Онц чухал дэд бүтцийг хамгаалах (CBM15) болон эмзэг байдлын талаар мэдээлэл солилцох (CBM16) зэрэг үйл ажиллаагааг тусгасан байдаг. Харин кибер орон зайд улс орнуудын мөрдлөг болгох нийт 11 хэм хэмжээ (norms)-г НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70/237 дугаар тогтоолоор 2015 онд батласан. МХХТ-ийн эмзэг байдлын талаар мэдээлэл хуваалцах, онц чухал дэд бүтцийг хамгаалах, кибер гэмт хэрэг болон терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг улс орнуудын сайн дурын үндсэн дээр мөрдлөг болгох хэм хэмжээг зөвлөмж болгосон байдаг. Эдгээр нь улс хоорондын харилцаанд ноцтой аюул учруулж болзошгүй үйлдлийг шийдвэрлэх зорилгоор боловсруулагдсан бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээ болон кибер орон зайд мөрдлөг болох хэм хэмжээ нь аливаа улсын бүрэн эрхэд халдахгүй, хууль зүйн үүрэг ногдуулахгүй юм. Харин улс орнуудын стратегийн чиглэлээ тодорхойлох, чадавхаа хөгжүүлэхэд суурь болдог.

Кибер аюул занал болон геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед аливаа зөрчил үүсэхээс сэргийлж, ил тод байдал, харилцан яриа, итгэлцлийг дэмжих, хурцадмал байдал үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж, Монгол Улс НҮБ болон ЕАБХАБ-ын гишүүн улсын хувьд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлдэг уламжлалтай. Тухайлбал, Үндэсний холбоо барих цэгээр Мэдээллийн аюулгүй байдлын газар ажиллаж, найдвартай харилцаа, холбооны сувгийг бий болгосон. Мөн Итгэлцэх бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн дадлага, сургуулилтад идэвхтэй хамрагдаж байна.

Тус хурлын үр дүнд бүс нутгийн хамтын ажиллагааны боломжуудыг тодотгож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ирээдүйд хамтран кибер аюул заналтай тэмцэх боломжит чиглэлүүдийг тодорхойлсон. Мөн Зүүн Өмнөд Ази, Төв Ази болон Зүүн Европын төлөөлөгчид сайн туршлага, санаачлагуудаа хуваалцаж, уялдаа холбоог гүнзгийрүүлсэн. Бүс нутаг хоорондын туршлага, мэдээлэл солилцоог идэвхжүүлснээр стратегийн түвшинд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхээс гадна улс хоорондын аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус хуралд ЕАБХАБ болон АСЕАН бүс нутгийн шинжээчид, кибер аюулгүй байдал болон кибер дипломат чиглэлээр мэргэшсэн 25 орны 30 гаруй төлөөлөгч нар оролцож Швейцарын Холбооны Улс зохион байгуулж, дэмжигч улсаар ажилласан.

Нийтлэл түгээх