Хакерууд “REvil ransomware”–ын эхний хувилбар болох “Sodinokibi ransomware”–ыг анх 2019 оны 4 дүгээр сарын 17–ны өдөр “Oracle Weblogic”–д илэрсэн CVE-2019-2725 дугаартай эмзэг байдалд тулгуурлан тарааж байв. Энэ нь өгөгдлийг шифрлэж, ахин сэргээх боломжгүй болгохын тулд өгөгдлийн нөөц хувилбаруудыг устгаж байсан. Oracle–аас эмзэг байдлыг 4 дүгээр сарын 26 –ны өдөр нөхсөн бөгөөд Cisco –ын кибер зөрчилд хариу үзүүлэх баг “Sodinokibi ransomware”–ыг шинжилж эхэлсэн байна.
Зураг 1. REvil ransomware-д өртсөн байдал
Шинжилгээний явцад ransomware–ыг 4 дүгээр сарын 25 буюу нөхөхөөс 1 өдрийн өмнө суулгасан болох нь тогтоогдсон. Тус ransomware нь ижил төрлийн бусад халдлагатай харьцуулахад маш их хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг гэдгээрээ алдартай болсон ба халдсан байгууллагынхаа жилийн орлого дээр тулгуурлан шаардах төлбөрийн хэмжээгээ тодорхойлдог. Энэ нь 1500 ам.доллараас 42 сая ам.долларын хооронд хэлбэлздэг байна. 2020 онд IBM корпорацын судлаачид “REvil ransomware”-ын хакеруудын жилийн орлого 81 сая ам.доллар хүрсэн гэсэн тооцооллыг гаргасан байна.
Румыны хууль сахиулах байгууллага 11 дүгээр сарын 4-нд тус “ransomware”–тэй холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг баривчилжээ. “DIICOT” Румын Улсын Зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг мөрдөн шалгах газар болон шүүхийн цагдаагийн ажилтнууд Констанца хотод байрлах дөрвөн газарт нэгжлэг хийж, хөдөлгөөнт болон хадгалах төхөөрөмжийг хураан авсан байна.
Европын Холбооны Хууль сахиулах хамтын ажиллагааны агентлагаас хийсэн мэдэгдэлд дээрх баривчилгааг Австрали, Бельги, Канад, Франц, Герман, Нидерланд, Люксембург, Норвеги, Филиппин, Польш, Румын, Өмнөд Солонгос, Швед, Швейцарь, Кувейт, Их Британи, АНУ зэрэг 17 орны хууль сахиулах байгууллага болон Europol, Eurojust, INTERPOL зэрэг байгууллагуудын хамтарсан “GoldDust” ажиллагааны үр дүн гэж мэдэгджээ.
Эх сурвалж:
https://www.bleepingcomputer.com/
https://www.europol.europa.eu/