Apple компани Израйлын тагнуулын программ хангамжийн NSO групп болон түүний толгой компанийг iPhone хэрэглэгчид рүү чиглэн халдлага үйлдсэн хэргээр шүүхэд өгчээ.
NSO группийн Pegasus программ нь iOS болон Android үйлдлийн систем дээр ажилладаг тагнуулын хэрэгсэл бөгөөд мессеж унших, дуудлага хянах, нууц үг цуглуулах, байршил тогтоох, микрофон болон камерыг нууцаар идэвхжүүлэх, мэдээлэл цуглуулах чадвартай байна.
Тус группээс энэхүү программ хангамжийг зөвхөн хүний эрхийн сайн бүртгэлтэй орнуудын цэрэг, хууль сахиулах, тагнуулын байгууллагуудад нийлүүлдэг ба террористууд болон гэмт хэрэгтнүүдийг онилоход зориулагдсан гэж мэдэгджээ.
Гэсэн хэдий ч 2021 оны 11 дүгээр сарын эхээр АНУ-ын албаны хүмүүс тус компанийг худалдааны хар жагсаалтад оруулж, “уг программ хангамж нь дэлхийн нөлөө бүхий хүний эрхийн тэмцэгч, сурвалжлагч, улс төрчдийг тагнадаг" гэж мэдэгджээ.
Apple компани “Хэрэглэгчдээ хохироохоос урьдчилан сэргийлэхийн тулд NSO группийг Apple–ийн программ хангамж, төхөөрөмжийг ашиглахыг хориглох байнгын хоригийг хүсч байна” хэмээгээд 10 сая ам.доллар болон нэхэмжлэлийн дагуу нөхөн төлсөн хохирлыг NSO группийн халдлагыг анх илрүүлсэн Торонтогийн Их Сургуулийн Иргэний лаборатори зэрэг цахим хяналтын судалгааны бүлгүүдэд хандивлана гэдгээ илэрхийлсэн байна.
Microsoft, Meta Platforms (Facebook), Google-ийн эзэмшигч Alphabet болон Cisco Systems зэрэг технологийн бусад компаниуд бүгд өмнө нь NSO группийг шүүмжилж байсан бөгөөд тус групп нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн дэлхийн 14 улсын хэвлэлүүдээр буруутгагдаад байгаа юм.
Эх сурвалж: https://www.bbc.com/