“GOVSEC-2026” Кибер аюулгүй байдал арга хэмжээ зохион байгууллаа
Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК хамтран Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бодлого, стратегийн баримт бичгүүдийг үндэслэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан нэгжийн удирдлага, албан тушаалтнуудын дунд “GOVSEC-2026” Кибер аюулгүй байдал арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд 104 байгууллагын 170 орчим албан хаагч оролцсон бөгөөд кибер аюулгүй байдлаа хангахад тулгамдаж буй сорилт бэрхшээл, бодлогын болон технологийн гарц шийдлийн талаар холбогдох байгууллагуудын зүгээс өөрсдийн сайн туршлага болон итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд санал солилцсон нь тус арга хэмжээний ач холбогдлыг ихээхэн нэмэгдүүлсэн.
Мөн тус арга хэмжээний нэг онцлог хэсэг нь “BugBounty” буюу эмзэг байдал илрүүлэх хөтөлбөрийн хүрээнд томоохон системүүдийн эмзэг байдлыг илрүүлэх, аюулгүй байдлын чадварлаг хүний нөөц, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ юм. Энэхүү хөтөлбөрт Татварын ерөнхий газрын Санхүү, мэдээллийн технологийн төвийн хариуцдаг “e-tax.mn” системд эмзэг байдлын илрүүлэлт хийж хамтран ажилласан.
Төрөөс цахим шилжилтийг эрчимжүүлж байгаатай холбоотой кибер аюулгүй байдлын эрсдэл даган нэмэгдэж, энэ чиглэлд анхаарах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа энэ цаг үед тус арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон гэдгийг оролцогчдын зүгээс цохон тэмдэглэж байсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд чиг үүргийн байгууллага хоорондын харилцан уялдааг сайжруулж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.