Хиймэл оюуны хэрэгслийг ашиглахдаа анхаарах 5 зөвлөмж
Хиймэл оюун бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчилж байгаа ч ChatGPT, Gemini, Claude зэрэг хэрэгсэлд оруулсан мэдээлэл таны хувийн нууц болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй юм.
Эдгээр хиймэл оюуны хэрэгслийг ашиглан асуулт бичих, зураг эсвэл файл оруулах үед мэдээлэл үйлчилгээ үзүүлэгч буюу тухайн байгууллагын системээр дамжиж боловсруулагддаг. Иймд мэдээлэл хэр удаан хадгалагдах, системийг сайжруулахад ашиглагдах эсэх нь тухайн үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн сонгосон тохиргоо болон ашиглаж буй бүтээгдэхүүнээс хамаарна.
ХИЙМЭЛ ОЮУНЫГ АШИГЛАХ ТУХАЙ 5 ЗӨВЛӨМЖ:
1. Нууц үг, банкны мэдээлэл, баталгаажуулах кодоо хэзээ ч бүү оруул
ChatGPT болон бусад хиймэл оюуны хэрэгсэлд банкны картын мэдээлэл, ПИН код, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулах шаардлагагүй.
2. Иргэний үнэмлэх гэх мэт хувийн баримт бичгээ бүү илгээ
Регистрийн дугаар, иргэний үнэмлэх, паспорт, гэрийн хаяг, хувийн утасны дугаар болон эрүүл мэндийн баримт бичиг зэрэг нь таныг илэрхийлэх боломжтой мэдээлэл тул баримт бичгийн агуулгыг ойлгуулах, орчуулах зорилгоор зургийг нь шууд хиймэл оюунд оруулахгүй байхад анхаарна уу.
3. Байгууллагын нууц мэдээллийг зөвшөөрөлгүй бүү ашигла
Тайлан, гэрээ, харилцагчийн мэдээлэл, ажилтнуудын хувийн мэдээлэл, санхүүгийн баримт, хурлын тэмдэглэл зэрэг нь байгууллагын нууцлах шаардлагатай мэдээлэл байж болно. Ийм мэдээллийг хиймэл оюунд оруулахаас өмнө байгууллагынхаа дотоод журам, зөвшөөрөгдсөн эсэхийг шалгаж нягтлах хэрэгтэй.
4. Бодит мэдээллийн оронд зохиомол жишээ ашигла
Хиймэл оюунаас тусламж авахын тулд заавал бодит хүний нэр, дансны дугаар, гэрийн хаяг болон байгууллагын нууц мэдээллийг оруулах шаардлагагүй. Хувийн мэдээллийг зохиомол нэр, тоо, жишээгээр сольсноор мэдээлэл задрах эрсдэлийг бууруулж болно.
5. Хиймэл оюуны хариултад шууд итгэлгүй, мэдээллээ илгээхээсээ өмнө шалга
Хиймэл оюун буруу, хуучирсан эсвэл бодит бус мэдээллийг үнэн мэт эсвэл зохиож тайлбарлаж болно. Тэр тусмаа хууль, эрүүл мэнд, санхүү болон албан ёсны шийдвэртэй холбоотой мэдээллийг найдвартай эх сурвалжаар баталгаажуулах хэрэгтэй.
Хэрэв хувийн болон нууц мэдээллээ аль хэдийн оруулсан бол яах вэ?
Хэрэв та санамсаргүйгээр хувийн эсвэл байгууллагын нууц мэдээллийг хиймэл оюунд оруулсан бол дараах арга хэмжээг аваарай. Үүнд:
- Нууц үг, баталгаажуулах кодтой холбоотой бол холбогдох нууц үгээ нэн даруй сольж, шаардлагатай аюулгүй байдлын тохиргоог хийгээрэй.
- Байгууллагын мэдээлэл оруулсан бол мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд даруй мэдэгдээрэй.
- Үйлчилгээний тохиргоо, чат устгах боломжийг шалга. Гэхдээ чат устгасан нь бүх мэдээлэл шууд, бүрэн устсан гэсэн баталгаа биш.
Эх сурвалж:
1. CPO Magazine. (2023). Samsung employees fed sensitive data to ChatGPT while using it to check code, create presentations. https://www.cpomagazine.com/cyber-security/samsung-employees-fed-sensitive-data-to-chatgpt-while-using-it-to-check-code-create-presentations/
2. OpenAI. (2023, March 24). March 20 ChatGPT outage: Here’s what happened. https://openai.com/index/march-20-chatgpt-outage/
3. OpenAI. (n.d.). Privacy policy. https://openai.com/policies/privacy-policy/